Шинэхэн оюутан болох гэж буй “Ботгонууд”-даа зориулав.
Энэхүү бичвэрийг төгсөх жилдээ суралцаж буй онц сурлагатан, хичээлээ хийдэг, хийдэггүй заа ер нь ямар ч түвшний байсан өөрийн 4 жилийн турш мэдэж ажигласан зүйлийг ахлах ангиа дүүргэх гэж буй чамд зориулж бичье. (Тухайн бичвэр нь коронавирусын өөрчлөлтийг авч үзээгүй болно.)
Их сургуульд элсэхээс өмнө:
- Мэргэжил сонголт
Энэ мэргэжил үнэхээр чиний хүсээд мөрөөдөөд, насаараа хоол олж идэх биш, насаараа хийж байх дуртай зүйл чинь мөн үү? Сайн бодоорой. Сонгосон сонголт чинь суурийг чинь тавьж өгнө шүү. Миний хувьд төгсөх жилдээ аль бага ангиасаа сонгочихсон мэргэжилдээ хүртэл эргэлзээд ээжтэй нэлээн юм болж байсан. Хууль ч сонирхол татаад, олон улс ч гоё юм шиг. Гэхдээ л эцсийн эцэст нөгөө бодчихсон байсан санхүүгийн салбарыг сонгож элссэн юм. Заа би ч яахав. 6 жил эмчээр сурчаад DJ болдог хүн байна гэдэгчлэн яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй эцэг эхийн сонголтоор эсвэл заавал орох ёстой гэсэн бодлоор сурч цагаа бүү үрээрэй. Яг үүнээс болж олон найзууд маань сургуулиасаа гарч, мэргэжлээ сольж, төгсөх жилдээ хүртэл “Би энэ л чиглэлээр явсан бол” гээд сууж байсан ч удаатай. Хэрвээ чиний нөхцөл байдал тийм байвал GAP year буюу 1 жилийг өөртөө гаргаад хийх зүйлсийн жагсаалт гаргаад хийх эсвэл ажил хийж болно шүү дээ. Гадаадад сурах гэж байгаа бол сургуулийнхаа шалгууртаа бэлдэж ч болно. Чиний амьдралыг чи л мэднэ шүү дээ эцсийн эцэст. Ядаж л хайж явсан хариултаа олоход бага ч болов тусална шүү.
2. Сэтгэл зүйгээ бэлд
Өдөр болгон хамт суудаг байсан ширээний анддаа, амьдрал ярьж, ухаарал хайрладаг байсан багш нартаа, ангийнхандаа баяртай гэж хэлээрэй. Одоо чамайг шинэхэн найзууд, шинэ орчин хүлээж байна. Миний хувьд хөдөө орон нутгаас ирсэн учир санхүүгээс эхлээд ёстой л бүх зүйл дээр биеэ дааж эхлэв. Ээж намайг “Заа миний охин сайн сууж байгаарай” гээд үнсээд явах үед л нэг тийм хаягдчихсан юм шиг мэдрэмж төрж билээ. Хааяа жоохон уйлна аа. Гэхдээ л хараа хяналт бага учир буруу зам руу орчихгүй л бол олон зүйлийг хийж үзсэн. Хамгийн гол нь би том хүн болж байна гээд дураараа аашлаад байв аа. Ямар ч өөрчлөлтийг даван туулах сэтгэл зүйн хаттай байгаарай.
Их сургуульд элссэний дараа:
- Суралцахуй
Юуны түрүүнд чи түмний хүүхдүүдтэй биш өөртэйгээ л өрсөлдөх гэж орж ирсэн шүү. Бүр нэг хэнхэгтэй биш л бол аав ээжийнхээ хөлсийг урсгасан мөнгийг бүү үрэн таран хийгээрэй. Нэгэнт л чи мөнгөө төлсөн бол сургууль чиний суралцах таатай орчин, мэдлэгийг хангалттай өгөх ёстой. Гэхдээ л энэ тал дээр дулимагхан л байдаг санагддаг. Зарим багш нар хичээлийг үнэхээр чин сэтгэлээсээ зааж байхад зарим нь мөнгө л гэж харж “Заа чи энэ номыг авчихвал тэнцүүлье” ч юм уу авахгүй нэгнийг нь унагах гэх мэт.
Чи ер нь сурах арга барилаа олсон уу? Олчихсон бол 7хоног бүр шинэ үзэх сэдвүүдээ торолгүй ойлгочих байх. Иймээс голч чинь ч өндөр байна л гэсэн үг. Цаашлаад мастерт сурах бол өндөр байлгавал зүгээр. Гэвч үр дүн биш үйл явц чухал гэдэг шүү. Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хаачив гэдэгчлэн мэдээллийг зөв цэгцтэй хүлээн авах арга хэрэгтэй. Хэдий өндөр голчтой нэгэн байх ч яг толгой дотор нь юм байна уу гэдэг нь сонин. Өөрийгөө л битгий хуураарай. Ихэнх нь над шиг унан босон явахтай санал нэг байна XD. Гэхдээ л эцсийн эцэст маш удаан сууж, алдсаны эцэст өөрийн арга барилаа олдог л юм.
2. Эрүүл мэнд
Ер нь эрүүл мэнд ямар чухал болохыг оюутан болоод л яс махандаа тултал ойлгосон доо. Хэрвээ нэг л зүйл чинь болохоо байгаад өвдчихвөл юун сурах тэр чинь ёстой ‘чипухай’ болно. Өөр дээрээ гарсан нэг явдлаа сийрүүлбэл өнгөрөгч хорь хорио нэг дурсъя. Хэд хэдэн бүтэлгүй харилцаа бас гадны хүчин зүйлсээс болж сэтгэлээр унаж, олон ч шөнө уйлж, цаашлаад нойргүйддэг болов. Нойр байхгүй бол дархлаа ч сул болно. Бүр сүүлдээ өвчний шинж тэмдэг илэрч “Worst year of my life” болвоо хөөрхий. Энэ үеэр хичээлүүд маань цахимаар орж байсан ч лекц, семинарууд чихний хажуугаар урсаад л байдаг байв. Үнэхээр хийе гэсэн ч унтаж чадаагүй хүнээс бол юу ч гардаггүй юм байна лээ. Багийн бие даалт дээр ч нэг юм хийдэггүй баачка шиг нь л. Коронад нэг талаараа талархъя. Аз болж эцэг эх дээрээ очих боломж гарснаар гэртээ тайван унтдаг болж бүгд дээрдэж эхэлсэн юм. Дээр нь нэмээд хараа муудна, стрессний таргалалт, удаан сууж эхлэх учир нуруу өвдөх гэх зэрэг бол энүүхэнд шүү. Оюутан байхдаа л нойр хоолны балансаа барьж тухай бүрт нь шууд арга хэмжээ авч байгаарай.
3. Найз, хамт олон, хүрээлэл
Оюутан болооод гарын таван хуруунд багтах сайхан найзуудтай болсон доо. Зам нийлэх, хичээлээ хийх, хамт гадуурх үйл ажиллагаанд оролцох найзаа олно гэдэг чинь хамгийн гоё нь. Цаашлаад сургуулийн клубт орох, сайн дурын ажил хийх зэрэг танилын хүрээгээ тэлэх маш олон боломжууд гарч ирнэ. Миний хувьд манай сургуулиас сайн дурын ажил хийхийг шаарддаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харж, хотын алсладгдсан дүүргүүдэд очиж арга хэмжээ зохион байгуулснаар амьдрал арай өөрөөр харагддаг болж сайн дурын ажил хийх эхний алхам минь болсон юм. Явсан нохой яс зууна гэдэг шиг аль болох л гоё арга хэмжээ юу байна идэвхтэй хамрагдаарай.
Зуны амралтаараа ч юм уу хичээлийн хажуугаар ажил хийж санхүүгийн хувьд эцэг эхийнхээ ачааг хөнгөлдөг олон оюутан бий. Ажиллаад үзнэ гэдэг чинь ажлын амтыг мэдэрнэ, төгсөөд ажил дээр гарахад хэрэгтэй суурь чадваруудаа олж авах сайхан боломж шүү дээ. Зөөгч, ресепшин бас бус цагийн ажлыг хийж явсаар ядаж л зөөгчтэй эелдэг харьцаж ард нь байдаг зовлонг нь мэддэг болсон юм.
Аа бас болоогүй ээ. Зарим нь эхнээсээ хүүхэдтэй болж эхэлж байхад, зарим нь салалтаасаа болж эморсон амьтад л явна. Миний мэдэх олон охидууд сэтгэл эмзэглэм гашуун түүхтэй. Ялангуяа хосууд хамгаалалт нтр юу л байна бэлэн биш л бол эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь тун чухал. Дахиад хэлье, хариуцлагатай байгаарай.
4. Дүгнэлт
Эцэст нь дүгнээд хэлэхэд хошин шог дээр гардаг даа “Маргаашнаас та нарыг хүмүүс хараад ямар сахилгагүй хүүхдүүд вэ биш ямар соёлгүй залуучууд вэ” л гэж ярина. Зарим нэг зүйлсийг орхигдуулсан ч хүн бүрийн зам адилгүй болохоор миний бичсэн нэг ч гэсэн зүйл чамд хэрэг болно гэж найдъя.
Тавтай торил! Чиний амьдралын шинэ бүлэг эхэлж байна…